Total Pageviews

Sunday, December 25, 2022

 

Дасгалжуулагч Д.Боу багш

Хэзээд хүнээрээ байгаарай!

                                             ҮБХИС-ийн ГХСТ-ийн

                                                                                       англи, герман хэлний багш

Рэнцэндоржийн Онон

“Ном дор мөргөмүү, Багш дор мөргөмүү” хэмээх гүн гүнзгий ухаанаар хорвоо ертөнцийг тольдон хардаг, амьдралын нэгэн хөдөлшгүй үнэн гэдгийг эрт дээр цагаас ухааран ойлгож, шүтэн дээдэлсээр ирсэн  Дорно дахины уламжлал, соёлтой ард түмэн бол Монголчууд билээ. Энэ гайхамшигтай эрэгцүүлэл, гүн ухааныг эргэн сануулсан, нэгэн бахархалт жишээ болсон багш бол АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотноо орших “Батлан Хамгаалахын Хэлний Институт”-ийн Ерөнхий Англи хэлний Төвийн гүнзгийрүүлсэн шатны англи хэлний багш, “дасгалжуулагч” хочтой Дональд Боу гуай мөн юм байна гэх бодол төрсөн юм. Эгэл мөртлөө эрхэм өвгөн багш маань хэдийгээр цэргийн тангараг өргөж эх орондоо үнэнчээр алба хаах хууль ёсны үүрэг хүлээгээгүй ч нэг л газартаа эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэн 1973 оноос хойш өөрийн хувь нэмрээ оруулсаар, энэ жил түүний тасралтгүй багшилсан 49 жилийн, ирэх 2023 онд 50 жилийн буюу хагас зууны түүхэн тэгш ойн жил тун удахгүй тохиох нь ээ.

Анх сургууль төгсөж эзэмшсэн уугуул мэргэжил нь түүхийн багш боловч Дональд Боу багш тус хэлний Институтэд тухайн цагт зайлшгүй тулгарсан англи хэлний багшийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу ажиллаж өөрийн төрөлх хэлээ гадаадын олон орны хэдэн арван мянган цэргийн албан хаагчдад зааж сургах нөр их хөдөлмөрт сэтгэл, оюунаа чилээн зүтгэсээр өдий хүрчээ. Манай улсаас ч мөн адил олон зуун багш, цэргийн албан хаагчид эрдэм номын буян, хишгийг нь хүртэх аз завшаан тохиосоор байна.  

Түүний чөлөөт цагаар үзэх харах дуртай зүйл бол мэргэжлийн спорт тэр дундаа улирлын чанартай явагддаг мэргэжлийн сагсан бөмбөг /NBA/, мөн америк хөл бөмбөг, хичээллэдэг спорт нь боулинг ажээ. Шавь нар нь яагаад түүнийг “дасгалжуулагч” хэмээх болсон нь нэг талаас сагсан бөмбөг бол хобби нь, нөгөө талаас хийж буй ажил мэргэжилтэй нь шууд холбогдон яв цав таарч буйгаар энэ өгсөн хоч нэр, “өргөмжлөл” дэмий ч нэг биш гэдэг нь шууд ойлгогдоно. Дуртай бас өөр нэг хобби нь хөгжим сонсох тэр дундаа каунтри төрлийнхийг голчилдог. Нэг хүү нь дэлхийд алдартай Харвардын их сургууль дүүргэсэн, тэр талаараа хааяа нэг хичээл дундуур бахархан дурсдаг нь ямар ч эцэг хүний л зан.

Хошин шог, хоржоонтой үгээр, егөөдөж их ярих дуртай тэрбээр тус институтэд  багшлах хугацаандаа 1980-аад онуудад Египетийн Кайро хот, Йемен улсын Сана хот, Япон, Бүгд Найрамдах Чех улс мөн түүнчлэн 2000-аад оны эхээр Словак улс зэрэг цөөнгүй орнуудад богино хугацаагаар албан томилолтоор очиж дээр дурдсан орнуудын цэргийн албан хаагчдад англи хэл эзэмших, суралцахад нь дэмжлэг үзүүлж байжээ.     

Зураг 1. Ноён.Боү-Дасгалжуулагч!!

/Шавь нарынх нь түүнд зориулсан уран бүтээл/

Багшийн ажилдаа баримталдаг хамгийн гол зарчим, мөрдлөг бол PIRATE буюу “далайн дээрэмчин” гэсэн үгний товчлол. Түүний багшлах бүх эрдэм ухаан, үнэт зүйл, философи энэ товчлол дотор оршдог ажээ. Passion-хийж буй зүйлдээ үнэн голоосоо дурлаж сэтгэлээ өгөх, түүнээсээ сэтгэлийн баяр баясгалан авах, Immersion-тухайн юмандаа гүн гүнзгий уусан орох, Rapport-гүн бат, найдвартай харилцан ойлголцсон, харилцаа тогтоох, Ask-асуух, Analyze-дүгнэж цэгнэх, Transformation-өөрчлөн хувиргах, Enthusiasm-урам зориг юм. Энэ хэдэн үг л түүнд бүхий амьдралын туршид нь урам зориг өгч эрч хүчээр цэнэглэн, үүгээр л оюун, сэтгэлээ тэжээн тэтгэж, авьяас, чадвар хэзээ ч тэтгэвэрт гардаггүй гэдгийг өөрийн амьдралаар хэзээд батлан харуулсаар ирсэн гэнэ. Өөрийн шавь нартаа хийж буй зүйлдээ сэтгэлээ өгч үнэн голоосоо дурлахыг онцлон захидаг, тэднээрээ бахархан, байнга дурсдаг.   

Нэгэн удаа түүний энэ олон жилийн хөдөлмөр, амжилтын нууц нь юу вэ? гэж тус байгууллагад шинээр томилогдон ирсэн удирдах албан тушаалтан гайхаж шагшран асуухад нь түүний хариулт тун энгийн байжээ. “95 хувь нь бүхий л бие, сэтгэл, оюунаа нэг л юмандаа зориулах, үлдэх 5 хувь бол аливаа зүйл тухайн тохирсон тун хэмжээ хязгаар дотроо байх” гэж хариулсан гэнэ. Мөн бас түүний эцэг өвгөдөөсөө сурч өнөөг хүртэл дагаж сахиж ирсэн өөр нэг алтан зарчим бол “Зөв алдаагүй хийж чадах юмаа л хий, чадахгүй бол хэзээ ч бүү оролд” гэнэ.

“Less is more”:  Хийж буй үйл чинь зөв л юм бол заавал их юм хийх гээд нухаад байх шаардлагагүй. Жишээ нь хичээл, сургалтын орчинд 30 минутанд л ойлгуулж чадах зүйлийг заавал 3 цаг дэмий үрж өнгөрөөх огт хэрэггүй. Үүнийг үр ашигтай байх зарчим гэж нэрлэнэ. Буруу зүйлтэй ялангуяа үхэл, амьдрал шийдэх асуудал тулгарсан үед хэлэх шаардлагатай зүйл байвал үл эвлэрэн айж ичилгүй хэлж сурах нь чухал. Амьдралдаа зорилготой байх нь аз жаргалтай амьдралын бас нэг үүд, ганцаараа бус нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож хүмүүстэй харилцаанд орж байх, таваг дээр буй бүх хоолыг дуустал идэх гэж улайрах шаардлагаүй бөгөөд хамгийн гол нь ходоодоо хайрлах, бүх зүйлд таарсан хэмжээ, хязгаартай хандах, хэзээ ч бүү бууж өг, бүү шантар, хүн хүнтэйгээ хүнлэг харьцах, хүн бүртэй мэндтэй устай байх, бидний хийж буй бүхий л юм хожим шавь нарт маань нөлөөлдөг, багш, дасгалжуулагч, хэн ч бай тухайн эзэмшсэн ямар ч мэргэжилдээ мундаг байх бол нэг л хэрэг, харин сайн хүн байх гэдэг огт өөр хэрэг, хүн хүнээр дутдаг, хэрэв хүн ганцаараа бүжгийн талбайд танго бүжиг хийвэл тэнэг харагдах нь мэдээж бөгөөд үүнтэй л адил зүйл юм. Хорвоод хосгүй хэчнээн мундаг эрдэм номтой сайн багш оюутан шавь наргүй л бол оршин байх ямар ч боломжгүй. Хөл бөмбөгийн ганц сайн тоглогч ганцаараа ялалт байгуулах боломжгүйтэй адилаар үүнийг зүйрлэн ойлгож ч бас болно. Хүмүүс бид хамгийн гол чухал зүйлээ бусад жижиг, ач холбогдолгүй юмнаас ялгаж сурах чадвартай байх хэрэгтэй гэх мэтчилэн түүний энэ олон алтан сургаал, ухааныг ойшоохгүй байхын аргагүй, залуус бидэнд үнэ цэнэтэй билээ.        

Зураг 2. Их эзэн Чингис хааныг Монгол улсын газрын зурагтай арьсан эдлэлээр дүрсэлсэн хөргийн урд

“Дасгалжуулагч” багш маань олон алдартай шавь төрүүлсний хажуугаар нэг ижил мэргэжлийн залуу багш нараа цаг үргэлж дэмжиж тусалж ирсэн, тэдний цөөнгүй нь хожим удирдах албан тушаалд дэвшин ажилласан нь ч бий. Шавь нар дундаас өөрт нь хэзээ ч мартагддагүй, дурсагддаг өөрийнх нь хувьд жинхэнэ баатар гэж үнэлж дүгнэн ойшоодог эрхэм хүн бол Колумби улсын Зэвсэгт Хүчний ахлагч, Параолимпийн медальт тамирчин Франс Педрасо юм. Түүний энэ шавь нь тун харамсалтайгаар газрын тэсрэх бөмбөгөнд /мина/ хоёр хөлөө алдсан хэдий ч амьдралд сөхөрч бууж өгөлгүй тэмцсээр, тэргэнцэрт суун явахдаа ч англи хэлний багшийн мэргэжлээр суралцаж төгсөн энэ ажлаа өнөөг хүртэл хийсээр л байна. Шавийнхаа дурсгасан цэргийн дүрэмт хувцсыг өвгөн багш нь хичээлийн тэнхимдаа өнөөг хүртэл нандигнан хадгалж энэ бахархалтай мөртлөө бас уярам, амьдралын төлөөх тэмцлийн түүхийг үе үеийн шавь нартаа хүүрнэн өгүүлсээр иржээ.  

Зураг 3. Колумби улсын Зэвсэгт Хүчний ахлагч,

Паралимпийн медальт тамирчин Франс Педрасо

Монгол улсаас “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирдэг”-тэй адил зам мөрөөр далайн чанадад орших, холын Америк тивийг зорин очиж өвгөн багшаас далай их эрдэм номын авшиг хүртэх аз завшаан, учрал тохиол дэлхийг тойрон суугаа хүндэт олон мянган шавь нар бидэнд таарчээ. Тэд бүхний нэрийн өмнөөс миний бие төлөөлж эрхэм таньд урт насалж удаан жарган 100 хүрч зургаадай таяг тулахын ерөөлийг шинэ оны босгон дээр хүсэн ерөөж энэхүү нийтлэлээ өндөрлүүлье.

2022 оны 12 сарын 20 өдөр

Улаанбаатар хот