Эх орончдын мөнхийн дурсгал-Морьт хөшөө
Докторант
Рэнцэндоржийн Онон
Аливаа улс орон эх орон, ард түмнийхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан өөрийн зоригт хөвгүүдэддээ зориулан хөшөө дурсгал босгож мөнхжүүлэн нэр алдрыг нь дуурсган үеийн үед дурсан санадаг нь хүн төрлөхтний эртний соёл басхүү уламжлал билээ. Хөшөө дурсгал дундаас морьт хөшөө бол өөрийн онцлогтой, бас түүхэн утга учир өөртөө агуулдаг. Дэлхийн аль ч оронд барьж босгосон морьт хөшөөний нэг нийтлэг тал бол ихэнхдээ цэргийн жанжидад зориулсан байдгийн зэрэгцээ заримдаа хаад, ноёд, язгууртнуудад зориулагдсан байх нь их элбэг. Манай улсад ч мөн адил босгож бүтээсэн морьт хөшөө цөөнгүй бий. Эдэн дундаас Чингисийн талбай дээрх 4 метр орчим өндөр Сүхбаатар жанжины морьт хөшөө олон түмэнд ихээхэн танил дотно билээ. Домогт жанжины маань хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиож төслийг 1946 оны хоёрдугаар сарын 23-нд Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор баталсан байна. Мөнхүү хөшөөг богино хугацаанд барьж дуусган төв талбайд байрлуулан 1946 оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Сүх жанжны маань морьт хөшөөнөөс гадна олон зоригт баатруудын хөшөө нийслэл хот, хөдөө орон нутагт олон бий. Тухайлбал Баянгол дүүрэгт Хотгойдын шадар ван Чингүнжав, Офицеруудын ордоны өмнөх Л.Дандан баатрын морьт хөшөөнүүдээс гадна сүүлийн жилүүдэд зарим аймаг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ийм төрлийн хөшөө барьдаг болжээ. Дээр дурдсанчлан морьт хөшөөг бүтээн төв талбайдаа хүндэтгэн залж үүгээрээ аливаа улс орон ард түмнийхээ баатарлаг хөвгүүдээ бахархан дурсдаг соёл дэлхийн олон оронд байдаг. Үүнтэй нэгэн адил дэлхийн тэргүүлэх гүрэн ОХУ болон АНУ-д мөн адил өөрийн улсдаа хүчээ өгч, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан түүхэн зүтгэлтнүүддээ зориулан морьт хөшөөд босгожээ.
Юуны түрүүн ОХУ-ын Санкт-Петербург (хуучин нийгмийн үед Ленинград хот гэж нэрлэж байсан) хотноо тус хотыг үндэслэн байгуулагч Их Пётр I (1672-1725) хаанд зориулж Оросын ард түмэн юуны түрүүн Екатерина II хатан хааны идэвх санаачилгаар бүтээн босгосон морьт хөшөөг дурдах нь зүйтэй. Тус хөшөөг хатан хааны захиалгаар Францын уран барималч Этьен-Морис Фальконе олон жилийн хөдөлмөр, ихээхэн хэмжээний шан харамж авсаны эцэст 1782 оны наймдугаар сарын 07-ны өдөр ёслол төгөлдөр нээж олон түмний мэлмийд хүргэжээ. Мөнхүү үйл явдлыг тохиолдуулан шоронд хоригдож байсан олон ялтаныг хугацаанаас нь өмнө суллах, цаазын ялаас нь хэлтрүүлэх зарлигийг Екатерина II хатан хаан гаргаж байсан гэдэг. Уг хөшөөг хийсэн гол материал хүрэл боловч оросын ард түмний дунд “Медный всадник” буюу “Зэс морьтой хөшөө” гэх нэрээр алдаршсан шалтгаан нь суут яруу найрагч А.С.Пушкин уг хөшөөтэй холбогдуулан бичсэн нэгэн шүлгээс улбаалан ийнхүү нэрлэгдэх болжээ. Хөшөө 8 тонн хүнд, 5 метр орчим өндөр юм. Энэ дашрамд сонирхуулахад Их Пётр хааны байгуулсан өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн тус хот Оросын эзэнт гүрний далайд гарах нэгэн гарц, стратегийн чухал байрлалд тооцогдож байжээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод ерөнхийлөгчийн албан өргөө Цагаан ордоны хойхно Лафайет нэртэй талбай оршдог бөгөөд 30,000 квадрат талбай бүхий тус талбайн дөрвөн буланд мөн голд нь тус улсыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан таван зүтгэлтнүүдийн хөшөө сүндэрлэн байдаг. Дөрвөн буланд байрлах баатруудын хөшөө бол Францын хоёр хошууч генерал нар болох Маркиз Гилберт Де Лафайет, Жан Де Рошамбо, Польшийн бригадын генерал Тадеуш Костюшко, Пруссийн (германы) хошууч генерал Фридрих Вильхелм фон Штойбен нар юм. Тус улс анхлан үүссэн түүх нь Европ тивээс голлон очсон цагаач иргэдийн түүх гэдгийг бид мэднэ. Олон жил үргэлжилсэн тусгаар улсын төлөөх зүдэргээтэй хэцүү бэрх тулаанд ард түмэн нь туйлдан ядарсаны сацуу голцуу сайн дурынхнаас бүрдсэн армийг нэгдсэн дэглэм, дүрэм журамтай болгох, цэргийн урлагийн наад захын А үсэг зааж сургах мэдлэг боловсролтой мэргэжилтэн нэн түрүүн шаардагдаж байв. Англи улсаас хараат бус, бие даасан тусгаар тогтнолын төлөөх үйлсэд өөр өөр үндэстэн ястаны хүмүүс ийнхүү гар бие оролцон тус улсын түүхэнд мөнхрөн нэрээ үлдээжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн голд орших морьт хүрэл хөшөөг АНУ-ын 7 дахь ерөнхийлөгч Эндрю Жексонд (1767-1845) зориулан босгосон ажээ. Тус хөшөөг уран барималч Кларк Миллз бүтээж 1853 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр нээснээр Америк улсад бүтээгдсэн хамгийн анхны морьт хөшөө болсон билээ. Хөшөөг нээсэн өдөр нь Эндрю Жексоны удирдсан цэрэг Нью Орлеанд английн цэргийг бут цохиж ялсаны 38 жилийн ойн баярын өдөр байсан гэдэг. Хөшөө 15 тонн хүнд, 4 метр орчим өндөр юм. Морьт хөшөөний талаархи өөр бас нэгэн сонирхолтой баримт бол АНУ-д морины хөлний байрлалаас шалтгаалж зарим нэг утга санаа илэрхийлэх тохиолдол байдаг гэнэ. Хэрэв морь хойд хоёр хөл дээрээ сууж цовхрон урд хоёр хөлөөрөө агаар самарч байвал морины эзэн тулаанд амь үрэгдсэн, мөн эсвэл урд хоёр хөлнийхөө зөвхөн нөгөөг нь л дээш өргөсөн бол шархадсан аль эсвэл дараа нь амь үрэгдсэн ч байж мэдэх, морины дөрвөн хөл бүгд газарт тулж байвал хожим өөр нэг шалтгаанаар бие барсан гэж үздэг ажээ. Дан ганц эрэгтэй цэргийн жанжидийн зэрэгцээ эмэгтэй хүнд зориулсан тодруулбал Английн хатан хаан Элизабет II морьт хөшөө Канадын Оттава хотод бий. Гадаадын олон орны морьт хөшөөн дундаас нийслэл хотоос холгүй Цонжин болдогт орших эзэн Чингис хааны маань 40 гаруй метр өндөр ган төмрөн хөшөө хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог гэдгийг эцэст нь бахдан дурдахад таатай байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин (2014/XI сарын 1-8) №44 дугаарт нийтлэгдсэн.



No comments:
Post a Comment