"50 саяын уналт" шоу нэвтрүүлэг
Total Pageviews
Sunday, July 5, 2015
Friday, July 3, 2015
Thursday, June 4, 2015
Дайны хувь заяаг эргүүлсэн мэдээллийн нууцлал
Докторант Рэнцэндоржийн Онон
Хүн төрөлхтний түүхэнд асар их хор хөнөөл
авчирч, олон сая хүний амийг авсан дэлхийн 1 ба 2-р дайны түүхтэй холбоотой
урьд өмнө нь олон нийтэд мэдэгдээгүй олон олон нууц мэдээ, үйл явдал, түүхэн баримтууд
ил гарч ирсээр байна. Мэдээллийг нууцлах (шифрлэх, цифрлэх) арга буюу криптологийн шинжлэх ухаан дэлхийн
дайны хувь заяаг шийдэхэд асар их хувь нэмэр оруулсан түүхтэй. Эсрэг тал өөрийн
талдаа дамжуулсан мэдээг замаас нь тайлж уншсанаар тэдний арга тактик, цаашдын
төлөвлөгөөг мэдэж дайсныг хялбархан буулган авах нь гарцаагүй юм. Дээр дурдсан дайны
цаг үеэс эхлэн дамжуулж буй мэдээгээ зайлшгүй нууцлах шаардлага гарснаар домогт
“Энигма” шифрлэлийн машиныг герман инженер Артур Шербиус бүтээжээ. “Энигма”
гэдэг нь эртний грекийн “таавар, оньсого” гэсэн утгатай латин үг юм.
Тус машинаар шифрлэсэн мэдээг радио харилцаанд
ашигладаг морзын үсэгт кодлон оруулдаг байжээ. Дээхэн үеийн бичгийн машинтай
төстэй энэ зөөврийн аппарат нь цахилгаан гүйдлээр ажилладаг
ба олон янзын хүрдүүд нь оруулж буй мэдээг эмх замбараагүй мэт олон янзын үсэг,
тэмдэгт “мэдээ” болгож хувиргадаг. Хүлээн авагч тал хүрдийн тохиргоог яв цав
тааруулж байж мэдээгээ унших боломжтой болдог. “Энигма” шифрийн машины нууц
мэдээг анх тайлж уншиж чадсан хүмүүс нь польшууд байжээ. Учир нь дэлхийн 1-р
дайн өмнөх цагийн герман-польшийн инженерийн аж үйлдвэрлэлийн ойрын хамтын ажиллагааны
үрээр тус машины өөр нэг хувилбарыг сэргээн хийж 1933-38 онд Вермахтын (германы ЗХ) нууц мэдээг тайлан уншиж
англичуудад тусалж байсан гэдэг. Английн засгийн газар үүнээс үүдэн шилдэг математикчид,
толгой сайтай мэргэжлийн хүмүүсийн хүчийг нэгтгэн Букинамширийн Блечлей парк (Bletchley Park) гэж газар өөрийн
сургууль нээж анхны болхи компьютерийн тусламжтайгаар хүнд хэцүү даалгавраа
гүйцэтгэж эхэлжээ. Дайны туршид Холбоотнууд олон удаа мэдээг замаас нь булаан барьж
аван тайлж уншиж эд материал, хүн хүчний давуу тал олж авч авсны нэг жишээ бол
Хойд Африкт германы фельдмаршал Э.Роммелийн танкийн армийн эсрэг явуулсан
ажиллагаа юм. Иймэрхүү маш нууц төрлийн мэдээг англичууд УЛЬТРА гэж нэрийджээ. Нууц
мэдээг нь тайлан уншиж буйгаа мэдэгдэхгүйн тулд английн тал хууран төөрөлдүүлэх
янз бүрийн ажиллагаа бас явуулдаг байсан юм. Германы тал ч зүгээр сууж
байсангүй. Тэд Английн шифрлэсэн мэдээг тайлж уншин АНУ-аас Британийн арлыг
чиглэн Атлантын далайгаар хөвж явсан тээврийн усан хөлөг онгоцнуудын байршлыг
тогтоон живүүлж байжээ. Гэвч шифр тайлах үүрэг бүхий (крифтологийн) хоёр тусдаа газрын гар
нийлсэн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, эрүүл бус өрсөлдөөн зэргээс шалтгаалан
цаашдын ажил, амжилтанд нь муу нөлөө үзүүлсэн ажээ. Дайнд ялалт байгуулсан Англи
улсын ерөнхий сайд асан У.Черчилль
“Ультра бидэнд ялалтыг авчирлаа” гэж хэлж байсан удаатай. Нууц мэдээг
тайлан уншиж чадсанаар дайны хугацааг 2-4 жилээр наашлуулж ялалтыг түргэсгэсэн гэж мөн зарим
судлаачид үздэг.
Тэгвэл тэр цагт бөмбөрцгийн нөгөө бөөрөнд орших АНУ
дэлхийн 2-р дайнд татагдан орж өөрсдийн мэдээ дамжуулах цоо шинэ арга
боловсруулан Номхон далайд Японы эсрэг дайтаж байв. Энэ бол Америк тивийн
уугуул иргэд Навахо (Navаjo) гэх нэртэй индиан омгийн хэл, аялгууг ашиглан цоо шинэ
цагаан толгой зохион шифрлэн зохиож ашигласан нь хэзээ ч тайлагдан уншигдаагүй
бөгөөд дайны хувь заяаг эргүүлж ялалтыг авчиржээ. Навахо аялгууг туршиж үзэхээс
өмнө олон хэл, аялгууг ашиглан мэдээ дамжуулсан боловч Токиогийн нууц мэдээ
тайлагчид уншчихдаг байсан бөгөөд хамгийн гол давуу тал нь бичгийн хэлбэрээр
байдаггүйд тус хэлний хамгийн гол давуу тал болсон. Үүнээс гадна мөнөөх омгийн
хэлний дүрэм, өгүүлбэр зүй нь ихээхэн ярвигтай, сонсож ойлгоход бүр ч
хүндрэлтэй. Тус омгийн 29 залуучууд энэ шифрийг анхлан зохиож тэнгисийн явган
цэргийн 382-р салааг бүрдүүлжээ. Тэдний дунд 15 настай хүү ч байсан гэнэ. Дайны
дараа мөн залуус нууц хадгалах үүрэг амлалт авч бараг 1960-аад он хүртэл нэг ч үг
цухуйлгалгүй явсны эцэст 2001 оны 7 сарын 26-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш “Code
Talkers”
хэмээх нэрээрээ алдаршсан анхны 29 дайчдаас амьд сэрүүн буй
сүүлийн дөрвөн ахмад дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Конгрессийн алтан медаль
гардуулан, бусад 300 дайчдыг
мөнгөн медалиар шагнах
зарлиг гарган анх удаа тэдний алдар гавьяаг хүлээн зөвшөөрөн олон нийтэд зарлан
алдаршуулсан түүхтэй билээ. 50 000 хүнтэй тус омгоос дайны сүүлээр 420 нь мэдээ
шифрлэгч, тайлагчаар ажиллаж ялалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж эх орон, ард
түмнийхээ өмнө гавьяа байгуулсан юм. Тэдгээр хүмүүсээс хамгийн өндөр насалсан
нь Честер Нец гэх ахмад дайчин бөгөөд 93 насандаа саяхан өөд болжээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин (2015/I сарын 1-14) №1,2 дугаарт нийтлэгдсэн.
Эх орончдын мөнхийн дурсгал-Морьт хөшөө
Докторант
Рэнцэндоржийн Онон
Аливаа улс орон эх орон, ард түмнийхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан өөрийн зоригт хөвгүүдэддээ зориулан хөшөө дурсгал босгож мөнхжүүлэн нэр алдрыг нь дуурсган үеийн үед дурсан санадаг нь хүн төрлөхтний эртний соёл басхүү уламжлал билээ. Хөшөө дурсгал дундаас морьт хөшөө бол өөрийн онцлогтой, бас түүхэн утга учир өөртөө агуулдаг. Дэлхийн аль ч оронд барьж босгосон морьт хөшөөний нэг нийтлэг тал бол ихэнхдээ цэргийн жанжидад зориулсан байдгийн зэрэгцээ заримдаа хаад, ноёд, язгууртнуудад зориулагдсан байх нь их элбэг. Манай улсад ч мөн адил босгож бүтээсэн морьт хөшөө цөөнгүй бий. Эдэн дундаас Чингисийн талбай дээрх 4 метр орчим өндөр Сүхбаатар жанжины морьт хөшөө олон түмэнд ихээхэн танил дотно билээ. Домогт жанжины маань хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиож төслийг 1946 оны хоёрдугаар сарын 23-нд Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор баталсан байна. Мөнхүү хөшөөг богино хугацаанд барьж дуусган төв талбайд байрлуулан 1946 оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Сүх жанжны маань морьт хөшөөнөөс гадна олон зоригт баатруудын хөшөө нийслэл хот, хөдөө орон нутагт олон бий. Тухайлбал Баянгол дүүрэгт Хотгойдын шадар ван Чингүнжав, Офицеруудын ордоны өмнөх Л.Дандан баатрын морьт хөшөөнүүдээс гадна сүүлийн жилүүдэд зарим аймаг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ийм төрлийн хөшөө барьдаг болжээ. Дээр дурдсанчлан морьт хөшөөг бүтээн төв талбайдаа хүндэтгэн залж үүгээрээ аливаа улс орон ард түмнийхээ баатарлаг хөвгүүдээ бахархан дурсдаг соёл дэлхийн олон оронд байдаг. Үүнтэй нэгэн адил дэлхийн тэргүүлэх гүрэн ОХУ болон АНУ-д мөн адил өөрийн улсдаа хүчээ өгч, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан түүхэн зүтгэлтнүүддээ зориулан морьт хөшөөд босгожээ.
Юуны түрүүн ОХУ-ын Санкт-Петербург (хуучин нийгмийн үед Ленинград хот гэж нэрлэж байсан) хотноо тус хотыг үндэслэн байгуулагч Их Пётр I (1672-1725) хаанд зориулж Оросын ард түмэн юуны түрүүн Екатерина II хатан хааны идэвх санаачилгаар бүтээн босгосон морьт хөшөөг дурдах нь зүйтэй. Тус хөшөөг хатан хааны захиалгаар Францын уран барималч Этьен-Морис Фальконе олон жилийн хөдөлмөр, ихээхэн хэмжээний шан харамж авсаны эцэст 1782 оны наймдугаар сарын 07-ны өдөр ёслол төгөлдөр нээж олон түмний мэлмийд хүргэжээ. Мөнхүү үйл явдлыг тохиолдуулан шоронд хоригдож байсан олон ялтаныг хугацаанаас нь өмнө суллах, цаазын ялаас нь хэлтрүүлэх зарлигийг Екатерина II хатан хаан гаргаж байсан гэдэг. Уг хөшөөг хийсэн гол материал хүрэл боловч оросын ард түмний дунд “Медный всадник” буюу “Зэс морьтой хөшөө” гэх нэрээр алдаршсан шалтгаан нь суут яруу найрагч А.С.Пушкин уг хөшөөтэй холбогдуулан бичсэн нэгэн шүлгээс улбаалан ийнхүү нэрлэгдэх болжээ. Хөшөө 8 тонн хүнд, 5 метр орчим өндөр юм. Энэ дашрамд сонирхуулахад Их Пётр хааны байгуулсан өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн тус хот Оросын эзэнт гүрний далайд гарах нэгэн гарц, стратегийн чухал байрлалд тооцогдож байжээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод ерөнхийлөгчийн албан өргөө Цагаан ордоны хойхно Лафайет нэртэй талбай оршдог бөгөөд 30,000 квадрат талбай бүхий тус талбайн дөрвөн буланд мөн голд нь тус улсыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан таван зүтгэлтнүүдийн хөшөө сүндэрлэн байдаг. Дөрвөн буланд байрлах баатруудын хөшөө бол Францын хоёр хошууч генерал нар болох Маркиз Гилберт Де Лафайет, Жан Де Рошамбо, Польшийн бригадын генерал Тадеуш Костюшко, Пруссийн (германы) хошууч генерал Фридрих Вильхелм фон Штойбен нар юм. Тус улс анхлан үүссэн түүх нь Европ тивээс голлон очсон цагаач иргэдийн түүх гэдгийг бид мэднэ. Олон жил үргэлжилсэн тусгаар улсын төлөөх зүдэргээтэй хэцүү бэрх тулаанд ард түмэн нь туйлдан ядарсаны сацуу голцуу сайн дурынхнаас бүрдсэн армийг нэгдсэн дэглэм, дүрэм журамтай болгох, цэргийн урлагийн наад захын А үсэг зааж сургах мэдлэг боловсролтой мэргэжилтэн нэн түрүүн шаардагдаж байв. Англи улсаас хараат бус, бие даасан тусгаар тогтнолын төлөөх үйлсэд өөр өөр үндэстэн ястаны хүмүүс ийнхүү гар бие оролцон тус улсын түүхэнд мөнхрөн нэрээ үлдээжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн голд орших морьт хүрэл хөшөөг АНУ-ын 7 дахь ерөнхийлөгч Эндрю Жексонд (1767-1845) зориулан босгосон ажээ. Тус хөшөөг уран барималч Кларк Миллз бүтээж 1853 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр нээснээр Америк улсад бүтээгдсэн хамгийн анхны морьт хөшөө болсон билээ. Хөшөөг нээсэн өдөр нь Эндрю Жексоны удирдсан цэрэг Нью Орлеанд английн цэргийг бут цохиж ялсаны 38 жилийн ойн баярын өдөр байсан гэдэг. Хөшөө 15 тонн хүнд, 4 метр орчим өндөр юм. Морьт хөшөөний талаархи өөр бас нэгэн сонирхолтой баримт бол АНУ-д морины хөлний байрлалаас шалтгаалж зарим нэг утга санаа илэрхийлэх тохиолдол байдаг гэнэ. Хэрэв морь хойд хоёр хөл дээрээ сууж цовхрон урд хоёр хөлөөрөө агаар самарч байвал морины эзэн тулаанд амь үрэгдсэн, мөн эсвэл урд хоёр хөлнийхөө зөвхөн нөгөөг нь л дээш өргөсөн бол шархадсан аль эсвэл дараа нь амь үрэгдсэн ч байж мэдэх, морины дөрвөн хөл бүгд газарт тулж байвал хожим өөр нэг шалтгаанаар бие барсан гэж үздэг ажээ. Дан ганц эрэгтэй цэргийн жанжидийн зэрэгцээ эмэгтэй хүнд зориулсан тодруулбал Английн хатан хаан Элизабет II морьт хөшөө Канадын Оттава хотод бий. Гадаадын олон орны морьт хөшөөн дундаас нийслэл хотоос холгүй Цонжин болдогт орших эзэн Чингис хааны маань 40 гаруй метр өндөр ган төмрөн хөшөө хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог гэдгийг эцэст нь бахдан дурдахад таатай байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин (2014/XI сарын 1-8) №44 дугаарт нийтлэгдсэн.
Monday, June 1, 2015
Subscribe to:
Comments (Atom)






